Pearson BTEC | Политехник коллежийн төгсөгчид дэлхийн жишигт нийцсэн IT ур чадвар эзэмшиж байна

Техник, технологийн политехник коллеж өнгөрсөн гурван жилийн хугацаанд Pearson BTEC International IT Level 3 буюу мэдээллийн технологийн олон улсын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, салбартаа өрсөлдөхүйц ур чадвартай залуусыг бэлтгэн гаргаж байна.

Энэ хугацаанд мэдээллийн технологийн чиглэлээр суралцсан оюутнууд хиймэл оюун (AI), кибер аюулгүй байдал, юмсын интернэт (IoT), database болон бизнес менежментийн чиглэлээр ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, чадварыг эзэмшжээ.

Тэд зөвхөн онолын мэдлэгээр хязгаарлагдахгүй, бодит хэрэглээнд суурилсан бүтээгдэхүүн, программ хангамж хөгжүүлж, зарим бүтээл нь хэрэглэгчтэй болж, ажлын байрны санал хүртэл хүлээн авч эхэлсэн нь онцлох үр дүн болж байна.

Энэхүү үр дүнгээ оюутнууд эцэг эх, багш хамт олон, доод курсын дүү нартаа танилцуулах зорилгоор энэ сарын 11 өдөр Demo Day өдөрлөг зохион байгууллаа.  Өдөрлөгийн үеэр дамжуулан оюутнууд өөрсдийн бүтээл, санаагаа олон нийтэд танилцуулж, илтгэх болон багаар ажиллах ур чадвараа бодитоор хөгжүүлжээ.

ТТПК-ийн мэдээллийн технологийн 3Б ангийн оюутан С.Анударь: гурван жилийн хугацаанд мэдээллийн технологи гэдэг мэргэжлийн үндсэн суурь мэдлэгүүдийг олж авсан. Тухайлбал, сүлжээний инженер болоход ямар ур чадвартай байх ёстой, вебсайт хэрхэн бүтдэг, багаар хэрхэн ажиллах, тэрхүү ур чадвараа мэдээллийн технологитой хэрхэн уялдуулах, өнгөрсөн бүх хугацаанд үзэж судалсан хичээлээрээ хэрхэн амжилттай бизнес эрхлэх зэрэг бүх суурь мэдлэг, ур чадварыг бид олж авсан. Өөрөөр хэлбэл, Pearson BTEC хөтөлбөр надад ирээдүйд өөрийнхөө амьдралд илүү сайн сууриа тавих боломжийг өгсөн.

Байгууллага дээр дадлага хийхэд яг манай хөтөлбөрийн дагуу маш олон зүйл адилхан байгааг анзаарсан. Pearson-ий шалгалтыг авахад бодит байгууллагын орчин нөхцөлд авдаг тул байгууллага дээр очсон ч тэрхүү орчин нөхцөлд шууд дасаж, сайн ажиллаж чадсан.

Миний хувьд хятад хэлний сургалтын вебсайт бүтээсэн.Бүтээлийн анхны санааг би өөрөө гаргасан. Сургалтын вебсайтад маань хэрэглэгч бүртгэлээ үүсгэсэн даруйд тухайн хэрэглэгчийн бүртгүүлсэн имэйл болон календарьт хадгалагдах, сануулах тохиргоог хийж өгсөн. Мөн тухайн багшид бүртгүүлсэн сурагчдын бүртгэл эксэл файл дээр эмх цэгцтэй харагдах интеграцуудыг хийж өгсөн. Системүүдийг өөр хооронд нь интеграци хийж, ажлыг илүү амар болгох ур чадварыг би үндсэн хичээлээсээ олж авсан.

 

 

ТТПК-ийн мэдээллийн технологийн 3А ангийн оюутан н.Мөнхдэлгэр: Гурван жилийн хугацаанд мэдээллийн технологиор салбарладаг бүх хичээл болох вебсайт, мобайл апп, өгөгдлийн менежмент, full stack хөгжүүлэлт гээд бүх зүйлийг сурсан. Гурван жилийн хугацаанд миний хувьд вебсайт хийх аргачлалыг төгс эзэмшсэн. Аавынхаа бизнесийн веб сайтыг хөгжүүлсэн. Олон улсын хөтөлбөрөөр суралцах нь эхний жил хичээлүүдээ бүгдийн судалсан. Төгсгөлд нь Pearson-ийн шалгалт дээр бидний ур чадварыг шударгаар үнэлж, үнэн зөвөөр гаргаж өгдөг нь давуу талтай гэж боддог

 

 

 

 

 

 

ТТПК-ийн  3-р курсын О.Пүрэвбат: Гурван жилийн хугацаанд Pearson хөтөлбөрөөр суралцаж, ЕБС-ийн 6-12 ангийн сурагчдад зориулсан сургалтын full stack вебсайтыг хийлээ. Олон улсын хөтөлбөрөөр суралцах нь үр дүнтэй санагдсан. Энгийн IT ангитай харьцуулахад гадаадаас хичээл нь ордог, сүүлд нь Pearson байгууллагаас шалгалт авдаг нь давуу талтай санагдсан.

 

 

ТТПК-ийн МТДТ-ийн эрхлэгч Б.Цэнд-Аюуш: Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Pearson-ийн мэдээллийн технологийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Ажил олгогчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн даалгаваруудын тавилууд орж ирдэг учраас тэр даалгавартаа тохирсон программ хангамжуудыг хүүхдүүд маань хийсэн, бүтээл гаргасан туршлагатай болж байна. Оюутнууд маань хийсэн бүтээлүүдээ дан ганц багшдаа шалгуулахаас гадна бие биедээ танилцуулж, Англи руу хүртэл явуулж, материалаа шалгуулж байгаа учраас тэндээс тэнцсэн гэдэг үнэлгээг авч байгаа гэдэг бол энэ хөтөлбөрийн давуу тал маш их байгаа гэж харж байна. Дөнгөж 12-р ангиа төгссөн буюу мэргэжлийн боловсролын салбарт мэргэжилтэй ажилтнууд, ур чадвартай хүмүүсийг бэлтгэж гаргаж байгаадаа оюутнуудаараа бахархаж байна.

Ийнхүү мэргэжлийн боловсролын салбарт олон улсын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр багш, оюутнууд дэлхийн жишигт нийцсэн мэдлэг, ур чадвар эзэмшиж, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчин болон төлөвшиж байна. Энэхүү хөтөлбөрөөр төгсөж буй оюутнууд хос дипломатой төгсөж байгаа бөгөөд дэлхийн 70 гаруй оронд үргэлжлүүлэн суралцах эсвэл шууд ажлын байранд гаран ажиллах боломжтой болж байна.

Pearson BTEC International Level 3 хөтөлбөр нь Их Британи улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, практикт суурилсан сургалтын хөтөлбөр бөгөөд сурагчдыг их дээд сургууль, цаашлаад олон улсын хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай бодит ур чадвараар бэлтгэдэг онцлогтой.

Тус хөтөлбөр нь 

  • – Техник, технологийн политехник коллеж
  • – Үйлдвэр, урлалын политехник коллеж 
  • – ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа политехник коллеж,
  • – ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь политехник коллеж,
  • – Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллеж,
  • – Дорнод аймаг дахь политехник коллеж,
  • – Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллеж Pearson BTEC international IT Level 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны төвийн эрхтэй мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллага юм.

 

Өнөөдрийн байдлаар дэлхийн даяар Pearson BTEC хөтөлбөрийн 800 гаруй албан ёсны төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд мэргэжлийн боловсролын 15 салбарт 2000 гаруй мэргэжлээр 1 сая суралцагч төгсөж байна

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь