2025–2026 оны хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн III, IV ангийн сурагчдад англи хэлний хичээл заах бодлого хэрэгжиж эхэлж байна. Энэ хүрээнд төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын 668 сургуулийн III, IV ангийн 4208 бүлгийн нийт 135 мянга орчим сурагч англи хэлний хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цагаар хичээллэх юм.
Шинээр хэрэгжих энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор бага ангийн англи хэлний багш нарыг чадавхжуулах сургагч багшийн сургалтыг 2025 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг Боловсролын ерөнхий газар болон Ай И Ди Си-Pearson байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байна.
Сургалтад бага ангид англи хэл заах шилдэг арга зүйтэй 89 багш, мөн аймаг, нийслэлийн боловсролын газруудын англи хэлний сургалт хариуцсан 21 мэргэжилтэн хамрагдаж байна. Эдгээр багш, мэргэжилтнүүд цаашид өөрсдийн аймаг, дүүрэгт ажиллаж буй англи хэлний багш нарыг сургаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургагч багш болж ажиллах юм.
Сургалт хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.
Сургалтын хүрээнд багш нар бага ангийн сурагчдын сэтгэхүйн онцлог, хэл сурах үйл явцын онцлог, III–IV ангийн англи хэлний цогц хөтөлбөрийн бүтэц, агуулга, сурах бичиг, дагалдах материалын хэрэглээ зэрэг сэдвээр нэгдсэн ойлголт авч байна. Мөн сурагч төвтэй багшлахуйг хэрэгжүүлэх, сургалтын идэвхтэй арга зүй, дижитал платформ болон цахим контентыг хичээлдээ ашиглах, олон хүүхэдтэй ангид анги удирдах арга барил, суралцагчдын ахиц дэвшлийг үнэлэх зэрэг практик ур чадваруудыг эзэмшиж байна.
Сургалтыг Pearson байгууллагын сургалтын ахлах зөвлөх, мастер сургагч багш Жан Витек, мөн Pearson байгууллагын бүс нутгийн менежер, сургагч багш Моника Хенел нар удирдан явуулж, олон улсын туршлага, орчин үеийн арга зүйг багш нарт танилцуулж байна.
Сургалтын явцад бичил хичээл заах, дадлага ажил, ажиглалт, хэлэлцүүлэг, туршлага солилцох зэрэг суралцахуйн идэвхтэй аргуудыг ашиглаж байгаа бөгөөд багш нар хөтөлбөрийн агуулга, арга зүйн онцлогийг гүнзгий ойлгож, багшийн гарын авлага болон нэмэлт эх сурвалжуудыг үр дүнтэй ашиглах чадвартай болж байна.
Сургалтыг амжилттай дүүргэсэн багш нарт сургагч багшийн сертификат олгож, улмаар аймаг, нийслэлийн хэмжээнд англи хэлний багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах юм.
Энэхүү сургалт нь бага ангийн сурагчдад англи хэлний боловсролыг чанартай, үр дүнтэй хүргэхэд багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг дээшлүүлэх чухал алхам болж байна.




















Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.