Нийслэлийн 7 сургуульд “Pearson” хөтөлбөрийн хэрэгжилтэд зөвлөн тусаллаа

Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж буй “Pearson” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах үйл ажиллагаа нийслэлийн сургуулиудад үргэлжилж байна.

Энэхүү үйл ажиллагааг Боловсролын ерөнхий газар, Ай И Ди Си ХХК – Pearson байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч, мөн орон нутгийн Боловсролын байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн сургуулиудад шат дараатайгаар зохион байгуулж байна.

Зөвлөн туслах үйл ажиллагаа нийслэлийн дараах сургуулиудад зохион байгуулагдсан байна. Үүнд:

  • – Нийслэлийн 2-р сургууль
  • – Нийслэлийн 24-р сургууль
  • – Нийслэлийн 38-р сургууль
  • – Нийслэлийн 39-р сургууль
  • – Нийслэлийн 51-р сургууль
  • – Нийслэлийн 113-р сургууль
  • – Нийслэлийн 131-р сургууль

Үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарт арга зүйн зөвлөгөө өгч, Pearson english connect платформ ашиглах аргачлал, хичээлийн төлөвлөлт, үнэлгээний зохион байгуулалттай танилцах, мөн сургалтын хэрэглэгдэхүүн болон суралцагчийн үнэлгээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.

Мөн сургуулиудын сайн туршлагатай танилцаж, багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр санал солилцлоо. Тухайлбал:

  • – Нийслэлийн 51-р сургууль англи хэлний зургаан танхимтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сургалтын зориулалтын тоног төхөөрөмж, интернетийн орчин сайн бүрдсэн байгаагаараа онцлог байв.
  • – Нийслэлийн 38-р сургууль багш нарт зориулсан мэргэжлийн хөгжлийн сургалтын тогтмол хуваарь гаргаж, багш нарын цонхтой цагт нэмэлт ачаалал өгөхгүй байх бодлогыг хэрэгжүүлж байгаа нь сургалтын чанарыг сайжруулахад эерэг нөлөө үзүүлж байгааг онцоллоо.

Энэхүү зөвлөн туслах үйл ажиллагаа нь англи хэлний сургалтын Pearson хөтөлбөрийг сургуулиудад жигд, үр дүнтэй хэрэгжүүлэх, багш нарын арга зүйн чадавхыг нэмэгдүүлэх, цахим сургалтын орчныг илүү үр дүнтэй ашиглахад чиглэж байна.

Цаашид “Pearson” англи хэлний цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зөвлөн туслах үйл ажиллагаа нийслэл болон орон нутгийн бусад сургуулиудад энэ хичээлийн жилийн турш үргэлжлэн зохион байгуулагдах юм.

Боловсролын хөтөлбөр, олон улсын шалгалт, сургалт, багшийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Бидэнтэй холбогдох

Ажиллах цагийн хуваарь