Политехник коллежууд олон улсын IT хөтөлбөрийг хэрэгжүүлэх төв болох эрхийн сургалтад хамрагдлаа

Политехник коллежууд 9 дүгээр сарын 1-ээс олон улсын мэргэжлийн боловсролын IT хөтөлбөрийг нэвтрүүлнэ.

`

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн тавдугаар сард Английн Pearson байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Pearson байгууллагын мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр (“Pearson BTEC International IT Level 3”) -ийг энэ хичээлийн жилээс зургаан политехник коллежид нэвтрүүлэхээр болсон юм.

Энэ ажлын хүрээнд Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж, Техник технологийн политехник коллеж, Өмнөговь, Хөвсгөл, Ховд, Дорнод аймгуудын политехник коллежууд олон улсын мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөр хэрэгжүүлэх төв болох эрхийн цахим сургалтад энэ 7 хоногт буюу 2023 оны 08 дугаар сарын 14 – 18-ны хооронд хамрагдаж байна.

Түүнчлэн ирэх 9 дүгээр сарын 4-7 хооронд Pearson BTEC -ийн олон улсын сургагч багш нар Монгол Улсад хүрэлцэн ирж, политехник коллежуудын мэдээллийн технологийн багш нарт сургалт орно.

Үүний үр дүнд Монгол Улсын зургаан политехник коллеж олон улсын мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлнэ.

Энэхүү хөтөлбөрийн төгсөгчид үндэсний болон олон улсын мэргэжлийн дипломтой төгсөх бөгөөд ажлын байранд шууд гаран ажиллах эсвэл дотоодын болон гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой болох юм.

Pearson BTEC хөтөлбөр нь дэлхийн 70 гаруй орны Засгийн газар, нэр хүнд бүхий ажил олгогчдод, мэргэжлийн холбоод, 300 гаруй их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд ажил олгогчид болон их дээд сургуулиудын хайж буй мэдлэг, ур чадварыг ажлын байрны бодит нөхцөл байдалтай уялдуулан чанарын өндөр түвшинд суралцагчдад олгодог гэдгээрээ давуу талтай. Тус хөтөлбөрөөр жил бүр 1 сая суралцагч төгсөж байна.